Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчийн засаглал руу явах суурийг нь бэлдээд байна уу гэж хардах боллоо
1
2019/11/15

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ өчигдөр баталлаа. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ гуравдугаар хэлэлцүүлгийг нь хийж батлахаар болоод байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр та УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нарт хатуу үг хэлж байна лээ. АН-ын тавиад байгаа гурван саналтай холбоотой гэж ойлгосон. Таны хувьд АН-ын саналуудад ямар байр суурьтай байгаа вэ?

-Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан Зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ардчилсан намын тавьсан гурван саналыг манай намын УИХ дахь бүлэг дээр өнгөрсөн даваа гарагт ярьсан. Эхний буюу Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх, сайдуудыг чөлөөлж, огцруулдаг эрхийг өгье гэсэн саналыг Бүлгийн гишүүд дэмжсэн. Миний хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үед ч энэ саналыг дэмжиж байсан. Хоёрдугаарт, сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирье гэсэн. Саналыг нь харахад нам биш хүн дугуйлахаар оруулъя гэж байгаа юм билээ. Хэрэв хүн дугуйлах хэлбэрээр бол болж байна. Нам дугуйлахаар байвал үгүй шүү гэдэг зарчмаар тохирсон.

Гэхдээ бас хэдийгээр хүн дугуйлна гэж байгаа ч дараа нь Журмын тухай хуулиа өөрчлөөд нам дугуйлах юм руу явуулчих вий гэсэн болгоомжлол гишүүдэд байгаа. Тэгэхээр бас анхаарахгүй орхиж болохгүй асуудал гэж бодоод байна. АН-ын гурав дахь буюу хамгийн чухал санал нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох. Бүлгийн хуралдааны үеэр Бүлгийн дарга “Үүнийг бол нээлттэй орхиё. Зөвшилцөх ажлын хэсэг АН, Ерөнхийлөгчийн институцтэй яриад эргээд бүлэг дээр танилцуулга хийе” гэсэн. Ийм зүйлийг тохирсон. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр эхний хоёр асуудлыг нь шийдээд, гурав дахь буюу Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг УИХ дахь АН-ын зөвлөл татаж авсан гэдэг үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон юм. Би хуралд орохынхоо өмнө Д.Тогтохсүрэн даргаас гурав дахь асуудлаа яасан юм бэ гэж асуухад “АН-ын зөвлөл татаад авчихсан учраас хэлэлцэх юмгүй болсон” гэж тайлбарласан. Ороод Байнгын хорооны хурал дээр ярьж байтал АН-ын зөвлөлийнхөн “Худлаа шүү. Бид татаж аваагүй. Энэ саналыг оруулах ёстой гэдэг байр суурьтай байгаа” гэдэг асуудал яриад тэнд жаахан маргаан үүссэн. Ийм л юм болсон.

-Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг дэмжихгүй байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар гишүүдэд хэлсэн тухай яриа байна?

-Миний хувьд цаашдаа бид ингэж муур, хулгана болж тоглохоо болих ёстой гэдгээ илэрхийлсэн. Би парламентад арав гаруй жил суулаа. Ардчилалд шилжсэнээс хойших өнгөрсөн 30-аад жилийн түүхээ харахад манай төрийн тогтолцооны гажиг өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж байна. Бид хоёр Засгийн газартай юм шиг л болчихсон байна шүү дээ. Энэ юм ялангуяа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс тодрон тодорсоор одоо Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед улам илүү тодорч гарч ирж байна. Гэхдээ асуудлыг ганцхан Ц.Элбэгдорж эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбож тайлбарлах аргагүй. Ерөөсөө үе үеийн Ерөнхийлөгчид парламентаар өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн заалт батлуулсаар байгаад энд хүрсэн. Одоо эргээд харсан чинь Ерөнхийлөгчийн эрхийг 47 хуулиар нэмэгдүүлээд өгсөн байна. Нарийн ярих юм бол Засгийн газраас  бараг илүү эрх мэдэлтэй, гүйцэтгэх засаглал руу орох түвшиндээ хүрчихсэн ийм гажуудал байгаад байна шүү дээ. Тийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бидний хамгийн гол шийдэх асуудал шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулах, засаглалын гажуудлаа засах байсан. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг юмаа нэг талдаа багтаах ёстой биз дээ. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр бухимдаад Д.Тогтохсүрэн дарга, Д.Лүндээжанцан дарга хоёрт “Та нар ордны хуйвалдаан хийж байна” гэж хэлсэн. Засаглалтай холбоотой ийм том асуудлыг яагаад УИХ дахь намын бүлэг дээрээ ярина гэж хэлчихээд худлаа яриад бүлэг дээр ч оруулалгүй сэмхэн дундуур нь явуулж байгаа юм бэ. Ингэж болохгүй шүү дээ. Ер нь Үндсэн хуульд жижиг асуудал гэж байхгүй л дээ. Засаглалын хэлбэрээ засах цаг нь болсон байна гэдгийг УИХ-ын ахмад гишүүд, залуус ч маш сайн ойлгож байгаа. Жишээлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гишүүн нэлээд эртнээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох эсвэл засаглалынхаа хэлбэрийг шууд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэх ёстой гэсэн хатуу байр сууриа илэрхийлж байсан. Тэгээд ч Х.Нямбаатар гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр “Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё” гэдэг зарчмын зөрүүтэй санал оруулж хураалгахад тэгсгээд унагачихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр цаана нь нэг далд юм байна гэж хардах үндэслэлтэй байгаа биз.

-Ер нь Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол яадаг юм?

-Б.Чимид гуай нэг ярилцлагандаа “Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал хэзээ ч тохирохгүй. Муу ч, сайн ч энэ 76 хүн хэрэлдэж, уралцаж байгаад шийдвэрээ гаргадаг байх нь Монголын эрх ашигт бүрнээ нийцнэ. Яагаад гэвэл нэг хүнийг өөрийнхөө талд татаж авах, 76 хүнийг татаж авах хоёрын хооронд асар их ялгаа бий” гэсэн байдаг. Энэ бол нэлээд гүн агуулгатай үг шүү. Тэгэхээр дэлхийн хоёр том супер гүрний дунд байгаа чөлөөт ардчилалтай манай улс парламентын засаглалаа бэхжүүлээд явах нь зүйд нийцнэ гэж би үздэг. Харамсалтай нь, өдрөөс өдөрт бидний явж байгаа зам буруудаж байна. Гэтэл “Бид буруу явж байна. Болохгүй байна. Өдрөөс өдөрт Ерөнхийлөгчийн засаглал руу ойртоод байна шүү” гэдгийг хэлдэг хүн байхгүй болчихлоо. Эцсийн дүндээ бид энэ парламентад мөнх суухгүй нь үнэн. Харин улс орон, ард түмэн үеийн үед мөнхөд байна. Бид энэ зурвас хугацаанд УИХ-д байхдаа ард түмнийхээ хойч ирээдүйд маш том урхагтай, буруу юм хийж өгчихөөд яваад өгч болохгүй. Өнөөдөр парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал хоёрын алийг нь сонгох вэ гэхэд цөхөрсөн ард түмэн бол “Яршиг зүгээр Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоё” л гэж хэлнэ. Үүнээс гарах үр дагаврын талаар бүх хүнд нарийн ойлголт байхгүй шүү дээ. Сүүлийн хоёр жилд парламентыг 76 тэнэг, хулгайч, худалч гээд л газар дор ортол зохион байгуулалттайгаар мууллаа. Цаад утга нь Ерөнхийлөгчийн засаглал руу явах суурийг нь бэлдээд байна уу гэж хардах боллоо.

-Ерөнхийлөгчөөр нэг шударга хүн сонгочихвол хурдан хөгжинө. Парламентын засаглал шийдвэр гаргахаасаа эхлээд удаан байна гэх мэт яриа бий?

-Тийм маягаар ухуулга хийгээд байгаа юм. Гэтэл бид чинь өнөөдөр чөлөөт, ардчилсан оронд аж төрж байна. Ийм улсын иргэн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг. Миний ингээд чөлөөтэй ярьж байгаа чинь ардчилсан улс орон учраас тэр. Бид хэрэв дарангуйллын систем рүү давхиад орчих юм бол ингээд сууж байж чадахгүй. “Сайхан байна, манай улс гоё байна” гэж л ярина. 30 бүр 40-өөд насны залуус социализмаар дамжаагүй болохоор тоталитар тогтолцоотой нийгэмд ямар байдгийг нарийн мэдэхгүй байх. Бидний үеийнхэн бол социализмийг туулаад, энхрий хайрт намаа магтан дуулдаг цагт амьдарч байсан учраас яс махандаа тултал мэдэрсэн хүмүүс. Намд хэрхэн элсүүлдэг байсан, намд элссэнийхээ дараа юу ярих ёстой, хаана ямар үйлдэл гаргаж болохгүй гэх мэтчилэн өчнөөн олон цензурын дотор байсан юм. Хоёр нийгмийн ялгаа заагийг бас ялгахтайгаа байгаа байхгүй юу. Тэгэхээр өдрөөс өдөрт буруу юм руу яваад байгааг харахаар дуугүй байж үнэндээ чадахгүй байна.

-Та төрийн өндөр албан тушаалтнуудын эрх ашигт чиглэсэн юм яриад байхаар намынхандаа шүүмжлүүлэхгүй байна уу?

-Намын удирдлагууд энэ нэг юм шоролзоод, сөрвөлзөөд байна гээд янз янзын юм боддог байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хэлж байгаа үг залууст хэрэг болох болов уу, хожмын нэг өдөр одоогийн залуучууд “Энэ нэг жаахан голтой ярьж байсан юм уу даа” гэж бодох үе гарахыг үгүйсгэхгүй гэж л бодоод ярьж, хэлж байгаа юм. 

-Хэрэв Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх АН-ын санал дэмжигдвэл хэрэгжих хугацааг нь 2025 оноос болгоно гэсэн яриа байна.

-Үнэхээр болдог бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг бид 2021 оноос хийчихвэл зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдэг болно. Гэхдээ мэдээж одоогийн Ерөнхийлөгчийн өөрийнх нь саналыг бид хүндэтгэж үзэх ёстой. Хэрвээ Ерөнхийлөгч нэгэнт энэ саналаас татгалзаж байгаа бол өөрт нь дахиад нэр дэвших бололцоотой хугацааг нь орхиё. 2025 оноос Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байдлыг хэрэгжүүлье гэж хэлээд байгаа маань тэр л дээ. Гэтэл манай бүлэг дээр тэгвэл энэ Үндсэн хууль чинь батлагдахгүй. Ерөнхийлөгч ёсчилж өгөхгүй гэсэн ийм яриаг яриад байгаа юм. Би бол Ерөнхийлөгч үүнийг ёсчилно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Ерөнхийлөгч өөрөө нэг биш удаа УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн. Засаглалын хямралын зовлонг өөрийнхөө биеэр туулсан хүн. Тийм учраас Ерөнхийлөгч үүнийг бүрэн ойлгож байгаа гэж боддог. Гэхдээ Ерөнхийлөгч харин одоо Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг дээр ямар байр суурьтай байгааг нь би сайн мэдэхгүй байна. Үйлдэл юмыг нь харж байхад Ерөнхийлөгчийн засаглал руугаа явах сонирхол нь их байгаа юм уу даа. Янз бүрийн хүрээнд нийтлэл бичиж байгаа улсууд ч сүүлийн үед үүнийг нэлээд ил тод бичдэг болоод байна шүү дээ.

-Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх өөрчлөлтийг 2015 онд АН төрийн эрх барьж байхдаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийнхөө гол болгосон байсан. МАН-ын төсөл ч анх ийм байлаа. Гэхдээ бас багагүй хугацаанд хэлэлцээд нэлээд өөрчлөлт орчихов уу даа гэж харагдаад байгаа. Анх төлөвлөж байснаасаа ерөнхий дүнгээрээ хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ?

-Бидний анхны өргөн барьснаас нэлээд өөрчлөгдсөн шүү дээ. Ний нуугүй хэлэхэд хамгийн чухал заалтууд нь өөрчлөгдсөн. Би жишээлбэл, шүүх, шүүхийн хараат бус байдалтай холбоотой есөн заалт оруулсан. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үеэр хоёр талаас ярилцаж хасаад гурван заалт болгож оруулсан. Анхныхаасаа муудсан ч хуучнаа сайжруулсан. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудал оруулсан. Түүнийг бүхэлд нь хасчихсан. Одоо бол Ерөнхийлөгчтэй холбоотойгоор нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгоно гэдэг ийм л заалт төсөлд орчихоод байгаа шүү дээ. Улстөрчид нэг нэгнээ хөгшин, залуу энэ тэр гээд байхгүйгээр дор бүрнээ жаахан ухаантай бодох хэрэгтэй байна. Бид маш эгзэгтэй мөчид байгаа шүү. Бид засаглалын хэлбэрээ сольж Ерөнхийлөгчийн буюу нэг хүний мэдэл рүү шилжих үү, парламентын засаглалтай байж 76 хүн хэлэлцэж байж шийдвэрээ гаргадаг байх уу гэдэг энэ торгон агшинд л байгаа. Хэрвээ бид Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай асуудлыг шийдэж чадахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад явлаа гэж бодъё. Тэгвэл он гараад л парламентын засаглалыг баяртай гэж хэлэх акцууд явж эхлэх болов уу гэж битүүхэндээ хардаж байна.

-АН-ын гурван саналыг УИХ-аар Үндсэн хууль хэлэлцэх үеэр гишүүд шийднэ. УИХ-ын 57 гишүүн гэдэг өндөр босго доо?

-Бид жишээлбэл, Ерөнхий сайдыг танхимаа өөрөө бүрдүүлэхийг дэмжихээр болчихлоо. Ингэхээр Ерөнхий сайд гэдэг өмнөхөөсөө хамаагүй хүчтэй хүн болно. Гэтэл Ерөнхийлөгч нь яг адилхан тийм эрхтэйгээ байхаар дахиад нөгөө хоёр эрх мэдэл чинь хоорондоо тэрсэлдээд ажил чинь явахгүй шүү дээ. Үүнийг манай УИХ-д байгаа гишүүдийн нэлээд хэсэг нь ойлгож л байгаа даа. Ганцхан яг энэ асуудлыг шийдэх талаар шийдвэрээ гаргаад кнопоо дарж чадах эсэхийг харах л үлдлээ.

Zindaa.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Mip 2019 оны 11 сарын 15 [213.162.72.182]

    сонирхолтой

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.