“Эко Алтан заамар”-ын уурхай дахиад нэг эрдэнэт хүний амь авлаа
1
2019/12/07

“Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, нэг ажилтан амиа алдсан байна. Осол өнөөдөр 13 цагийн орчимд гарсан бөгөөд трос тасарч, 26 настай ажилтны дээр унан, газар дээрээ амиа алджээ.

Энэ удаагийн осол Булган аймгийн Бүрэгхангай суманд гарчээ. Ослын газар аймгийн цагдаа нар ажиллаж байгаа аж. Тус компани 2016 онд Бүрэгхангай суманд алт олборлох тусгай зөвшөөрөл авч,  энэ оноос үйл ажиллагааа идэвхтэй явуулж эхэлсэн байна.     

Энэ оны хоёрдугаар сарын 28-нд тус компанийн дөрвөн ажилтан ажлаа хийх явцад амиа алдсан юм. Уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдсан. 

Осол Төв аймгийн Заамар сумын нутагт болсон юм. Гэхдээ Туул голын хоёр талд байрлалтай, алтны нэг уурхай юм байна. 

Хоёрдугаар сард болсон ослын дараа МХЕГ тус компанийн зөрчлийг ингэж дүгнэжээ: 
-"Эко Алтан заамар" компани геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүй үйл ажиллагаа явуулсан. 
-ТЭЗҮ-ийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгүй үйл ажиллагаа явуулсан. 
-ТЭЗҮ-д заасан зураг төслийн дагуу үйл ажиллгаа явуулаагүй. Уулын ажлын хэмжээсүүдийг баримталж ажиллаагүй. 
-Гидрогеологийн усны судалгаагаар гүний ус 51 метрт илэрсэн боловч уст үеийн талаар ТЭЗҮ хийгээгүй, уст үеэс гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралтын гол шалтгаан болсон. 
-Аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй.
-Газар дээрх эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур нэвчсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нарийвчилж лабораторийн шинжилгээ хийхэд гидрогеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан. 

Аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй. 

Уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөрчлүүд: 

-ААН-үүд дотоод хяналт шалгалт явуулж байх ёстой ч энэ ажил дутуу дулимаг. Дотоод хяналтын журмыг 2019 онд захирлынхаа тушаалаар баталсан ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар нарийвчлан заагаагүй.

Тус компанийн ХААБ-ын мэргэжилтнүүд эрсдэлийн үнэлгээ хийгээд, дүнг нь хоёрдугаар сарын 21-ний өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байна. Эрсдэлийн үнэлгээгээр хоёр ноцтой зөрчил илэрсэн. 
Нэгдүгээрт, Ажлын байрны зааварчилгааг журам ёсоор өгөхгүй байна. Хэт нийтлэг зааварчилгаа өгч байна. 
Хоёрдугаарт, Эрсдэлийн үнэлгээ хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчид нэг чухал дүгнэлт хийсэн нь "Уналтаас болж мөс хагарч, насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай" гэж дүгнэлт гаргасан. 

Цаашид авах арга хэмжээ:
"Хананд тогтсон мөс, хана нурах, ажилчдыг дарах бэртээх, мөн техник хэрэгсэл эвдрэх, өндөр хананы нуралд хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай". Осол болохоос 7-хон хоногийн өмнө уурхайн захиралд ийм дүгнэлт бичиж өгснийг захирал хүлээж авсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнууд хариуцсан ажлаа хийсэн байна. Харамсалтай нь уурхайн захирал, ажил олгогчид дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүй. 

МХЕГ-аас дээрх дүгнэлтийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт хүргүүж, "Эко Алтан Заамар" ХХК-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.     

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.