Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж нар мөн АТГ-т шалгагдаж байна
2
2019/12/09

Сүүлийн жилүүд аймаг, орон нутгийн засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар авилга, албан тушаалын хэрэгт холбогдох нь нэмэгдсэн. Саяхан Баянхонгор аймгийн удирдлагуудыг “эрх мэдлээ урвуулан ашиглан, бусдаас авилга авсан байж болзошгүй” хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас шалгагдаж буй мэдээлэл гарсан. Тэгвэл Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/ИТХ/-ын дарга  А.Ишдорж нарыг Авилгатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах тухай гомдол иржээ. 

 

ӨВ-ийн ИТХ-ын эзэмшлийн ӨВ мийт продактс ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл

ӨВ-ийн ИТХ-ын эзэмшлийн ӨВ мийт продактс ХХК-ийн бүртгэлийн мэдээлэл

-ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЗЭМШЛИЙН
ХХКОМПАНИ БАЙГУУЛЖЭЭ-

Учир нь Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг 2017 онд тус аймгийн удирдлагууд байгуулжээ. Ингээд тус компанийнхаа “эргэлтийн хөрөнгө”-д зориулж 1 тэрбум төгрөгийг орон нутгийн өмчит “Баянтээг” хувьцаат компани /ХК/ олгохыг зөвшөөрөх тухай тогтоолыг ИТХ-ын дарга А.Ишдорж гаргасан байна. Иймд аймгийн ИТХ-ын даргын тогтоолын дагуу “Баянтээг” ХК 1 тэрбум төгрөг гаргаж, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг санхүүжүүлжээ. Энэ нь компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа ажээ. 

Хамгийн хачирхалтай нь тусдаа Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, Гүйцэтгэх захиралтай Компанийн тухай хуулиар зохицуулагдах хувьцаат компани /ХК/-иас мөнгө гаргахыг зөвшөөрсөн тогтоолыг Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга нь гаргасан байгаа юм. 

 

Баянтээг ХК-ийн бүртгэлийн мэдээлэл

Баянтээг ХК-ийн бүртгэлийн мэдээлэл

-“БАЯНТЭЭГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙГ БАЙЛЦУУЛАХГҮЙГЭЭР “ӨВ МИЙТ ПРОДАКСТ” ХХК-Д 1 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

“Баянтээг” ХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний тоо 965 гэж Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгджээ. Иймд тус хувьцаат компанийн тодорхой хувьцааг нь орон нутаг эзэмшдэг бол бусад хувьцааг нь өөр иргэн, аж ахуй нэгж эзэмшдэг байна. Гэтэл Өвөрхангай аймгийн удирдлагууд, “Баянтээг” ХК-ийн ТУЗ, Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хууль зөрчин, хувьцаа эзэмшигчдээ байлцуулахгүйгээр ИТХ-ын дарга нь А.Ишдоржийн зөвшөөрсөн тогтоолын дагуу  ИТХ-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-д 1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй нөхцөл үүсжээ. 

Мөн “Баянтээг” ХК-иас  Өвөрхангай аймгийн ИТХ-ын “Өв мийт продактс” ХХК-д шилжүүлсэн 1 тэрбум төгрөгийг одоог хүртэл эргэн төлөөгүй байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. 

 

ӨВ аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржийн тогтоол

ӨВ аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржийн тогтоол

-ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД, ИТХ-ЫН ДАРГА А.ИШДОРЖ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-

Иймд Өвөрхангай аймгийн нэр бүхий иргэд энэ тухай гомдлыг Авилгатай тэмцэх газар /АТГ/-т гаргажээ. Тэд гомдолдоо “Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн нар буюу аймгийн удирдах тушаалтнууд бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалдаа хайнга хандаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” талаар дурджээ. Ингээд АТГ-аас иргэдийн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

ISEE.MN

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

  • ӨВ 2019 оны 12 сарын 10 [192.82.69.152]

    Хүүтэй зээл л байна ш дээ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.