Banner
Нийслэлийн Б.Мөнхбаатар
0
2012/06/26

Хот гэдэг их айлын дуусашгүй бас хэл ам, хүндрэлтэй асуудал нь барагдашгүй их ажлыг нугалж байдаг хүмүүсийг нийслэлийнхэн андахгүй мэднэ. Тэнд ч хогны асуудал, энд ч замын засвар, дулаан цахилгаан, тохижилт гээд хамаг ажилд гүйж явдаг хүмүүсийн нэг хэсэг нь нийслэлийн Засаг даргын түших дөрвөн багана болдог орлогч нар. Тэр тусмаа барилга, хот байгуулалт хариуцсан орлогч Б.Мөнхбаатарын ажил мундахгүй, нийслэлийн амин чухал асуудлыг хариуцлагатай хашиж яваа залуу. Социализмын үед инженер болох гэж байгаа хүн дагалдан ажилчин, засварчнаасаа эхэлж ажиллаад ажлынхаа шат дамжлага бүрийг мэддэг мэргэшсэн кадр болдог гэж ахмад, дунд үеийнхэн өнөөдөр ч олзуурхан ярьдаг. Б.Мөнхбаатар харьцангуй залуу хүн ч гэсэн яг л ийм замыг туулсан гэлтэй. Техникийн их сургууль, Монгол Улсын Их сургууль, Лондонгийн их сургуулийг бизнес удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн Улаанбаатар хотын унаган хүү Б.Мөнхбаатарын улс төрийн ч, албан ажлынх нь ч замналыг харах ахул энгийнээс эхлээд шат дараалан ахисан дүр зураг харагдана.

 

Эдүгээ улс төрийн ч, бизнесийн ч, төрийн албаныхны ч дунд 1970-аад оны залуус хүч төрөн орж ирж байгаа. Ид хийж бүтээх насны ачаа үүрч байгаа үеийнхэн гэж хэлж болно. Өнгөрсөн нийгмийн зах зухаас мэдрэн өсч өндийсөн тэдний хувьд улс төрийн сонголт хаашаа ч хэлбийх магадлалтай, онцгой үе байсан гэж хэлж болно. Нийгмийн ерөнхий чиг хандлагаар ардчилал, шилжилтийн үед төлөвшсөн залуус голдуу барууны чиг хандлагыг дагадаг байсан бол Б.Мөнхбаатар анхнаасаа л МАН буюу хуучнаар МАХН-ыг эргэлт буцалтгүй сонгосон. Үүнийгээ ч хувь хүнийхээ хувьд зүүний чиг хандлагатай байсных гэж тайлбарладаг юм билээ.

Оюутан ахуйгаасаа л нийгмийн идэвхтэй байсан залуу “Залуус” бүлгэм, цаашилбал Монголын ардчилсан оюутны холбоо гэж байгууллагыг байгуулалцаж байв. Улс төрийн чиг хандлагаа аль хэдийнэ хэлбэрэлтгүй сонгосон залуугийн улс төрийн карьер ч мөн энгийнээс өгссөөр. Нийслэлийн намын хороонд улс төрийн ахлах ажилтнаас эхлээд Нийслэлийн Монгол ардын намын хорооны даргын албанд шигшигдэн сонгогдсон гялалзсан намтартай. Түүний төрийн албаны замнал ч мөн ийм. БСШУЯ-нд газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан залуу хот хэмээх айлын гал тогооны чухал алба болсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад өнгөрсөн 2009 онд нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсон. Түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсныг баянзүрхчүүд андахгүй болохоор МАН энэ дүүргээс УИХ-д нэр дэвшүүлж байна. Дүүргээ ч, хотын амьдрал, аливаа асуудлыг сайн мэдэхийн хувьд “манай хүн” гэж нийслэлчүүд, ялангуяа баянзүрхчүүд өөриймсөж буй гэсэн.

 

Энэ удаагийн сонгуульд МАН шилдэг залуу боловсон хүчнүүдээ дэмжин нэр дэвшүүлж байгаагаараа бас онцлог. Тийм ч учраас МАН-ын залуу үеийн төлөөлөл болсон Б.Мөнхбаатарыг сонгуульд ялалт байгуулан УИХ-д нийслэлчүүдээ төлөөлөх хүчтэй дуу хоолой болоосой хэмээн амжилт хүсч байна.

Эх сурвалж:  Чухал.мн

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.