Banner
Г.Баярсайхан хотын даргатай заамдалцжээ
0
2012/09/12

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй 80 орчим барилга баригдаж байсныг хотын удирдлагууд мэдэж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Тэдгээр барилгын нэг нь Чингэлтэй дүүргээс сонгогдсон Г.Баярсайхан гишүүнийх гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжлав. Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг II 40 мянгатын 40, 41 дүгээр байрны ард Г.Баярсайханы мэдлийн гэх байшинг босгохоор газар ухаж, шавыг нь тавьсан байдалтай байна, одоогоор. Гэхдээ энэ барилгыг цаашид бариулахгүй гэсэн шийдвэрийг хотоос гаргажээ.


Үүнээс болж Г.Баярсайхан гишүүн хотын дарга Э.Бат-Үүлтэй барьцалдаж, энгэр заамаа уралцжээ. Оффис, үйлчилгээний зориулалттай гэх барилгын шавыг “Юнайтад Бизнес” гэх компани тавьсан бөгөөд энэ барилга зөвшөөрөлгүй. Чамгүй өндөр босохоор төлөвлөгдсөн энэ барилга тэр хавийн орон сууцны цонхнуудыг хаах учраас иргэд ч гэсэн бариулахгүй гэж эсэргүүцэн тэмцэлдэж байгаа аж. Одоогоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Л.Хангай барилгын үйл ажиллагааг зогсоох акт хүргүүлсэн байгаа бөгөөд Нийслэлийн газрын албаны ажилтнууд барилгын хашааг буулгаж, хураачихаад байна. 


Барилгын газрын эзэмшигч нь хэн бэ гэдгийг Нийслэлийн газрын албаны холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Юнайтад бизнес” компанийн нэр дээр байдаг. Бид иргэдийн санал гомдлын дагуу хашааг нь хурааж, ухсан газрыг нь булсан. Энэхүү компани нь Г.Баярсайхан гишүүний нэр дээр байдаг” гэв. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр “Юнайтед бизнес” компанид тухайн газрыг эзэмших гэрчилгээг олгосон байна. Гэхдээ газрын маргаан үүсэх үед газар эзэмших гэрчилгээг цуцалсан бөгөөд Нийслэлийн газрын алба барилга барих эрхийг нь ч цуцлахаар төлөвлөсөн байж. Энэ шийдвэрүүдийг батламжилсан нь Э.Бат-Үүлийг Г.Баярсайханд заамдуулахад хүргэсэн бололтой. 


Зөвшөөрөлгүй барихыг завдсан барилга УИХ-ын гишүүн Г.Баярсайханых мөн гэдгийг албаны эх сурвалжууд ч хэлж байна. Сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн С.Наранбат “Барилга барих гэж байсан компани манай тойргоос сонгогдсон эрхэм гишүүнийх гэдэг юм билээ. Тэр хүн бидний төлөө зүтгэнэ гэчихээд эрх ашгийг минь зөрчиж байгаа нь харамсалтай. Эрх мэдэлтэй хүмүүс энгийн биднийгээ хөл доороо гишгээд, яаж л бол яаж хууль бус ажлаа үргэлжлүүлж чадах биз. Гэхдээ бид итгэлээ алдахгүй, цаашид тэмцсээр байна. Одоогоор Чингэлтэй дүүргийн шүүхэд газрын маргааныг шийдвэрлүүлэхээр хандсан. Хяналтын шатандаа явж байна. Энэ сарын 14-нд шүүх хурал болно. Шийдвэрийг нь л хүлээж сууна даа. Эрхэм гишүүн минь зөвхөн өөрийн бус нийт иргэдийнхээ эрх ашгийг харгалзан үзээсэй билээ” хэмээн цөхрөнгүй өгүүллээ.


Энэхүү барилгыг барьж байсан компани Г.Баярсайхан гишүүнийх мөн гэдгийг нотлох хамгийн гол асуудал бол дээр өгүүлсэнчлэн Г.Баярсайхан барилгын ажлаа үргэлжлүүлэхэд нь намын нөхрөө туслана гэсэн том найдвар өвөрлөн найдаад хотын даргатай уулзсан ч заамдалцаж, зодолдох дээрээ тулсан тухай мэдээлэл юм. Заамдалцаад салсныг бодоход Э.Бат-Үүл дарга  түүний хүсэлтийг хүлээж аваагүй бололтой. Өмнө нь төрийн ордонд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн өмнөөс салаавч гаргаад ухамсрын шанаа авсан Г.Баярсайхан хууль зөрчин барилга бариулах гэж зүтгэсээр байх болов уу, яах бол. Зөвхөн Г.Баярсайхан ч гэлтгүй зөвшөөрөлгүй 80 орчим барилгын хэдийнх нь ард эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүд байна вэ гэдгийг ард  иргэд  мэдэхийг хүсч байна, хотын дарга аа.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.